7 өдрийн өмнө
ДӨРВӨН ДУГААР, ДӨРВӨН ӨӨР АВАРГА — L’ÉQUIPE ТҮРҮҮЛЖ, VERTIGO УЛИРЛЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Quiz League-ийн I улирлын IV дугаар есдүгээр сарын 30-нд Баянгол ресторанд болж, 29 баг өрсөлдсөнөөс L’Équipe 30 оноогоор түрүүллээ. Vertigo 29 оноогоор дэд байр эзэлж, Hi6 нэмэлт асуултын дүнгээр гутгаар байрт шалгарав.
Дөрвөн дугаарын дараа дөрвөн өөр баг түрүү хүртээд байна. Эхний дугаарт Hi6, хоёрдугаар дугаарт Vertigo, гуравдугаар дугаарт АСА ялалт байгуулсан бол энэ удаа L’Équipe аваргуудын эгнээнд нэгдлээ. Улирлын өрсөлдөөнд аль нэг баг давамгайлж амжаагүй, дугаар бүр шинэ ялагчтай үргэлжилж байна.
Шагналт хоёр байрыг нэмэлт асуултаар шийдэв. Hi6, Wikidebia багууд 27 оноогоор тэнцэж, гутгаар байрын төлөө өрсөлдсөн бол Mrs Julia, MFCC-DSU багуудын 25 онооны тэнцээ зургаадугаар байрыг шийдэх шаардлага үүсгэв.
“Кристиан Диор ‘New Look’ хэмээн алдаршсан анхны цуглуулгаа хэдэн онд танилцуулсан бэ?” гэсэн асуултын зөв хариулт 1947 он байлаа. Нэмэлт асуултын дүнгээр Hi6 шагналын тавцанд гарч, Mrs Julia Contenders-ийн сүүлийн байрыг авсан юм.
Нийт шагналын сан: 2,808,000₮
L’Équipe — 30 оноо · 1,044,000₮
Vertigo — 29 оноо · 626,400₮
Hi6 — 27 оноо · 417,600₮
Contenders — тус бүр 200,000₮
4-р байр: Wikidebia — 27 оноо
5-р байр: BLACKJACK — 26 оноо
6-р байр: Mrs Julia — 25 оноо
Lucky #7-ийн эзнээр Dickies тодорч, дараагийн дугаарт үнэгүй оролцох ширээний эрх хүртлээ.
VERTIGO УЛИРЛЫН ТЭРГҮҮЛЛИЙГ АВЛАА
Энэ дугаарт дэд байр эзэлсэн Vertigo нийт 110 оноогоор АСА-г ардаа орхин улирлын тэргүүлэгч боллоо. Харин Hi6, L’Équipe тус бүр 109 оноотой тэргүүлэгчээс ердөө нэг онооны зайд байна. АСА 105 оноогоор дөрөвдүгээр байрт бичигдэв.
Дөрвөн өөр аварга, тэргүүн гурван багийн хооронд ганцхан онооны зөрүү. V дугаарт шинэ аварга төрөх үү, эсвэл аль нэг баг хоёр дахь түрүүгээ авах уу?
















